Зан характерийн сорил өгөх систем
ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Зан характерийн сорил өгөх систем
Анхааруулга:
Зан характерийн сорилыг ОБЕГ-ын ГШУГ-аас зөвхөн Онцгой байдлын байгууллагад ажиллаж буй алба хаагч, ажилтнаас авч буй болохыг анхаарна уу!
ЗӨВЛӨМЖ
Судалгаанд үндэслэн темперамент тус бүрийн онцлог, нийтлэг шинж, тэдэнтэй яаж харьцах, ажил дээрээ ямар байдаг талаар дараах зөвлөмжийг тусгаж байна.
Сангвиник буюу сэргэлэн цовоо хүмүүсийн ерөнхий шинж:
- Аятайхан төрхтэй - Яриасаг, нэгд нэггүй өгүүлэгч - Хүмүүсийг хөгжөөж, баясгаж чаддаг - Хүмүүсийн анхаарлыг өөртөө татах авьяастай - Өнөөдрөөр амьдардаг, өөртөө итгэлтэй - Хурдан сэтгэдэг - Сэтгэл санаа нь байнга өөрчлөгддөг - Хүүхдэрхүү, хөдөлгөөн ихтэй - Хөгжилтэй орчинг бүрдүүлж чаддаг - Бусдыг дэмжин урамшуулдаг - Олон найзуудтай, нөхөрсөг харилцдаг - Хэцүүхэн үйл явдлыг ч зугаатай талыг нь олж харж чаддаг - Хүүхэд шиг чанга тас тас инээдэг - Тогтворгүй, хөнгөмсөг - Юмыг түргэн ойлгодог, мартамхай - Өгөөмөр, цайлган цагаан сэтгэлтэй - Янз бүрийн зүйлд хариу үзүүлэхдээ сайн - Хэрэгт дуртай
Ажилд хэрэгт хандах хандлага нь:
- Сайн дураар оролцдог - Шинэ зүйл сэдэж санаачлахдаа сайн - Эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй - Амжилтандаа барддаг, өөртөө итгэлтэй - Аливаа үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулдаг - Бусдын хөдөлмөрийг үнэлж, урам өгдөг - Уриалгахан, тусч
Тэдэнтэй хэрхэн харилцаж ажиллах вэ?
Сэтгэл сайтай, хөгжилтэй хошигнох чадвар сайтай, илэн далангүй, хэнтэй ч нийцтэй цовоо сэргэлэн эелдэг ааштай, цайлган, шудрага хүмүүс байдаг. Ажил хэрэгч харилцааг амархан тогтоодог, хүмүүсийг өөртөө татаж чаддаг, хамт олны дотор аливаа эерэг харилцааг санаачлагч болдог. Аливаа ажлын эвийг олж амархан гүйцэтгэдэг. Ийм хүнд эв дүй, идэвх хөдөлгөөн, авхаалж шаардагдах ажил илүү тохирно. Ялангуяа хамт олныг удирдан зохион байгуулах олон нийтийн ажлыг хариуцуулбал амжилт олно. Аливаа ажилд бүтээлчээр ханддаг, харин нэг төрлийн ажлыг удаан хийж чаддаггүй, юм юм сонирхдог. Иймээс эхэлсэн ажлаа дуусгалгүй өөр нэг зүйл рүү анхаараад байгаа эсэхэд нь хяналт тавих нь туйлын чухал. Нөхцөл байдалд дасан зохицохдоо сайн, олон төрлийн ажлыг нэг зэрэг хийж чаддаг. Ажил даалгахад шаналж бухимдахаасаа илүү яаж хурдан амжуулах арга замыг амархан олдог. Хэцүү төвөгтэй, хугацаа тулсан ажлыг нэг зэрэг хийж чаддаг. Ажил даалгахад шаналж бухимдахаасаа илүү яаж хурдан амжуулах арга замыг амархан олдог. Хэцүү төвөгтэй, хугацаа тулсан ажлыг ч сайн хийж чаддаг. Ямагт ажилтай, завгүй байх дуртай. Хөөрөл нь саатлаар, саатал нь хөөрлөөр солигдохдоо амархан учир дутагдлаа амархан засч, бухимдлаа тайлж чаддаг, хүний үгэнд оромтгой, бусдын санаа бодлоос зөрөхгүй байхыг хичээдэг. Шаардлага тавьж, хийж гүйцэтгэх ажлыг нь хянаж шалгаж дуусгасан эсэх нь эцсийн үр дүнд нь хяналт тавихын зэрэгцээ сайн талыг нь дэмжиж сайшаан, урамшуулж байвал сангвиникууд хамтран ажиллахад хамгийн амар хүмүүс байх болно. Сэтгэл санаагаар унах нь ховор их өөдрөг хүмүүс тул гутранги үзэлтэй хэн нэгэнл зөвлөн туслах ажлыг даалгавал үр дүнд хүрнэ. Гавшгай уриалгахан зангаасаа болж бусдын хийх ёстой ажлыг өмнүүр нь орж хийх юмуу эсвэл хэн нэгэнд ашиглуулаад байх талтайг анхаарах хэрэгтэй.
Холерик буюу хүчирхэг цочмог хүмүүсийн ерөнхий шинж:
- Төрөлхийн хошуучлагч - Өөрчлөлтийн хэрэгцээг хүчтэй мэдэрдэг - Бодож байгаа зүйлээ шууд хэлдэг - Тэд өөрсдийгөө их үлгэр жишээ гэж боддог - Ямарч тохиолдолд өөрийн бурууг хүлээдэггүй - Тэд үгүй л гэж хэлсэн бол яаж ч гуйгаад нэмэргүй - Хувийн хатуу байр суурьтай - Буруу бүхнийг зааж залруулах ёстой гэж өөрийгөө боддог - Шийдмэг, эрч хүчтэй, идэвхтэй - Бие, сэтгэлийн тэнхээтэй - Бие даасан, өөртөө сэтгэл хангалуун - Өөртөө итгэлтэй ааш аяг бүхнээс харагддаг - Бүхнийг хийж чадна гэж боддог
Ажилд хэрэгт хандах хандлага нь:
- Зорилго тодорхойлж ажилладаг - Эрх мэдэлд дуртай - Байнгын сэтгэл санааны ачаалалтай байдаг - Бусадтай зохицон ажиллах чадвар дунд - Өөрийнхөө бүхнийг шийддэг - Бусдыг урамшуулж урам зориг өгөхөөс илүү шүүмжлэх хандлагатай - Хүмүүсийг анхааралтай сонсож чаддаггүй - Хурдан хэрэгжүүлж эхэлдэг - Сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд ханддаг - Шаардангуй - Хүнд хэцүүг даван туулдаг
Тэдэнтэй хэрхэн харилцаж ажиллах вэ?
Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй учир хурдан зантай, биеэ хянах чадвар дутмаг. Өөрийг нь басамжлахад дургүй, харин магтуулах дуртай. Шаралхуу, цочмог, омголон зантай, түргэн ааштай, бусадтай хэрэлдэж маргах нь элбэг тул энэ үед нь дуугүй өнгөрөөж чадвал удалгүй тайвширч уучлалт гуйх болно. Бухимдуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ер нь холерикууд байнгын бухимдалтай, аливаа зүйл сэтгэл санаанд нь таарахгүй явах нь түгээмэл байдаг. Маргаанд оролцвол ихэвчлэн хурцатгадаг. Иймээс тэдэнд биеэ барих, хүлээцтэй, тэвчээртэй байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, бусдыг хүлээн зөвшөөрөх, хамт олонтой эвтэй байх талаар байнга зөвлөж, сануулж байх нь чухал. Нэг хамт олон дотор олон тооны холерикууд байх нь уур амьсгал таагүй, хоорондын таарамж муу, бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагыг ихэсгэдэг гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. Хөнгөн гавшгай, хурдан хөдөлгөөнтэй, уйдамхай, нэг байдлаар удаан байж чаддаггүй учраас хөдөлгөөн шаардсан, хурдан гүйцэтгэж болох ажилд илүү тохирно. Удирдан зохион байгуулах ажлыг сайн хийдэг ч хэтрүүлэх гээд байдаг талтайг анхаарвал зохино. Өөртөө аятайхан таалагдсан нөхцөлд ямарч ажлыг хүч анхаарлаа төвлөрүүлэн, сайн ажиллаж, амжилт гаргах чадвартай, хурдан бодож дүгнэлт гаргадаг. Зоригтой, нийтэч, аливаад шүүмжлэлтэй ханддаг. Бие даах дуртай, өөрийн бодолтой, өөрийн хувийн бодлоо удирдлага болгодог. Өөрт нь итгэл хүлээлгэн бие даан ажиллуулбал идэвхтэй, дайчин, шургуу байж чаддаг. Иймээс өөрийн боломжийг хэт үнэлж , алдаатай шийдвэр гаргаж болзошгүй. Ажил хэрэгт ухамсартай, тэвчээртэйгээр хандах чанарыг төлөвшүүлэхэд асар хүндрэлтэй. Түрэмгий зан авир гаргахаас нь сэргийлж сануулж байх хэрэгтэй. Ганцаардмал явцуу байдалд дургүй ч бусадтай нөхөрлөхдөө өөрийн санаа бодлыг тулган хүлээлгэх, дутагдлаа хүлээхгүй байх талтайг нь анхаарах шаардлагатай. Энэ төрлийн хүмүүс хамт олонд өөрийн нөлөөг амархан тогтоохоос гадна тэднийг аливаа зүйлд уриалан дагуулах тал дээр илүү байдаг. Хөөрөл ихтэй тул эдгээр хүмүүст аливаа шаардлагыг энгийн зөөлөн харилцаагаар дамжуулж хүргэх нь чухал. Өөрт нь хандсан тулган хүлээлгэх, тушаал шийдвэр холерикуудад их хүнд дарамт болж санагдах магадлалтай тул өөрсдийн төрх араншингийн онцлогийг нь сайн ойлгуулах шаардлагатай.
Меланхолик буюу няхуур дүнсгэр хүмүүсийн ерөнхий шинж:
- Бодолтой-Гутрангуй-Дотогшоо - Буурьтай бөгөөд гүн бодолтой - Задлан шинжилж, шийдэл олдог - Аливааг чухалчлахын зэрэгцээ өөрийн гэсэн зорилготой - Авьяаслаг бөгөөд бүтээлч - Маш мэдрэмжтэй, соргог өөрөөр хэлбэл цаг үеийг мэдэрч чаддаг - Гоо сайхны үнэ цэнийг мэддэг - Бусдыг ойлгодог, бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй - Шулуун шударга, хүн чанартай - Өгөөмөр - Сэтгэлийн дарамтад оромтгой
Ажилд хэрэгт хандах хандлага нь:
- Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хийдэг - Жижиг зүйлийг ч хайхралгүй орхидоггүй - Системтэй, зохион байгуулалттай - Хэмнэлттэй - Асуудлыг сунжруулж байж шийддэг - Бүтээлч шийдэл олдог - Эхэлсэн ажлаа дуусгадаг - Жагсаалт, хүснэгт, зурган дүрслэлд дуртай - Гаргасан шийдвэрээ хариуцах чадвартай - Бодож байж үнэлэлт дүгнэлт хийдэг, маш хашир хянамгай - Арга барилаа өөрчлөхдөө удаан
Тэдэнтэй хэрхэн харилцаж ажиллах вэ?
Буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Хянуур боловч зөөлөн уриалгахан эмзэг сэтгэлтэй. Хүмүүстэй нийц муутай, зожиг, ноомой, сэжигч хардамтгай, өөртөө болон бусад хүнд итгэдэггүй, магтаал сайшаал, зэмлэлийг гүн гүнзгий хүлээж авдаг. Багахан бүтэлгүйтэхэд санаа зовж, сэтгэлээр унадаг. Уцаартай, зөрүүд. Иймээс тэдэнд шаардлага тавихдаа болгоомжтой хандахгүй бол хэт хатуу үг хэлэх, үгүйсгэх зэрэг хандлагыг маш эмзэгээр хүлээж авах болно. Хүнтэй харилцаж байх явцдаа тэдний нүд харилцагч дээр бус өөр зүйл рүү харж байгаа ч таныг сайн сонсож байдаг. Ажил гүйцэтгэхдээ өөртөө үл итгэх байдал гаргадаг. Амархан цуцаж ядардаг боловч аливаад нямбай, хичээнгүй чин сэтгэлээсээ ханддаг. Үүрэг хариуцлагыг сайн мэдэж ухамсарладаг. Өөртөө тааламжгүй байгаа бол зожиг, битүүлэг байх нь ажиглагддаг. Анхаарал төвлөрүүлэх ажилд илүү тохирно. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг ба ажлын чанар нь ч сайн. Айж эмээх, гомдох, уйтгарлах сэтгэл догдлрх нь амархан . Авхаалж самбаа сулавтар. Шинэ байдалд дасахдаа удаан, бусдын аяыг дагах, эрхшээлд орох нь ховор. Өөрийг нь басамжлахад дургүй.иймд өөртөө итгэлтэй байхад нь туслаж, баярлуулан урам өгч, өдөөн идэвхжүүлж байх шаардлагатай. Хүмүүстэй ерөнхийдөө их айж болгоомжилсон байдлаар харьцдаг, ярихдаа удаан, харилцаж буй хүнээ анхааралтай ажиглан өөрийн дүгнэлтээ болгоомжтой гаргадаг. Хурц зөрчлөөс зайлсхийдэг. Санаа бодлоо тэр бүр хүнд нээдэггүй. Ялимгүй зүйлээс ч сэтгэлд амархан сэв гардаг. Ийм хүмүүстэй удирдлагын хувьд маш болгоомжтой харилцах нь зүйтэй. Хурц ширүүн шүүмжлэх, тохуу хийхэд ихээр эмзэглэдэг. Аль болох өөртөө итгэлтэй нээлттэй байхад нь хамт олны зүгээс анхаарч байх хэрэгтэй. Өөрт тохиолдсон хэцүү асуудлаа тэр бүр яриад байдаггүй тул амьдралд нь юу болоод байгаа, сэтгэл санаа нь ямаршуухан байгаа зэрэгт анхаарч байхад илүүдэхгүй . Меланхоликууд ихэвчлэн сэтгэл дундуур, ямар нэгэн зүйл болохгүй байгаа мэт шаналсан байдалтай байдаг нь тэднийг стресс, сэтгэл гутралд хамгийн хурдан оруулдаг. Аливаа зүйлийн хүнд хэцүүг түрүүлж хардаг учир өгсөн үүрэг даалгаврыг шантарч хүлээж авах, хийж чадахгүй байх хэмээх айдаст автах магадлалтайг анхаарах шаардлагатай.
Флегматик буюу тайван дөлгөөн хүмүүсийн ерөнхий шинж:
- Хөндлөнгөөс ажигладаг-Дотогшоо-Тайван - Бусдыг дарамталдаггүй - Аливаа зүйлийг зохицуулж, эвийг олох чадвартай - Тогтуун тайван бөгөөд ухамсартай - Тэвчээртэй, үйл хөдлөл тэнцвэртэй - Дуугүй боловч дооглонгуй аятай - Нүдэнд дулаан бөгөөд үйл хөдлөл нь эелдэг - Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй - Ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг
Ажилд хэрэгт хандах хандлага нь:
- Эмх цэгцтэй, авьяаслаг - Цаг баримталдаг - Удаан бодож гаргасан шийдвэрээ өөрчлөх дургүй - Хамт олны дотор ажиллах чадвартай, эвсэг нөхөрсөг - Удирдах авьяастай - Асуудлыг тал талаас нь аьч үзэх чадвартай - Үл ойлголцлоос сэргийлэх чадвартай - Хүнд нөхцөлд ч ажиллаж чаддаг - Бусдад элгэмсэг хандаж, алдаа дутагдлыг нь ойлгуулж, зөвлөж чаддаг
Тэдэнтэй хэрхэн харилцаж ажиллах вэ?
Дөлгөөн тайван, сэтгэл санаа тогтвортой, дотоод сэтгэл хөдлөл нь гаднаа бага илэрдэг, найдвартай үнэнч хүмүүс. Санаачилга тааруу идэвх муутай боловч даалгасан аливаа ажлыг найдвартай гүйцэтгэдэг. Ажлын чадвар нь сайн, өндөр бүтээлтэй, махруу, эхэлснээ заавал дуусгаж чаддаг, худлаа хэлдэггүй, хариуцлагатай, тууштай. Гүйцэтгэх ажилд илүү тохиромжтой. Дуу цөөнтэй, хүнтэй танилцах, дасахдаа удаан, нийтэч биш, удаан ажиглаж байж дүгнэлт гаргадаг. Аливааг ухаж мэдэхдээ удаан, ганцаар сууж бие даан ажиллах дуртай, юманд ул суурьтай, бодлоготой ханддаг. Энэ чанарыг нь аливаа зүйлийн шийдэл, үнэн зөвийг олоход ашиглахад сайн. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан. Иймд идэвх санаачлагыг нь дэмжиж, байнга урам өгч байх нь чухал. Даалгасан ажлыг удаан хийх, аливаа зүйлээс хойш суух дутагдал гаргах нь түгээмэл тул даалгасан ажлаа ойр ойрхон шахаж шаардаж байх нь чухал. Хүмүүстэй тайван харилцдаг, зөрчил маргаанд оролцохгүй байхыг хичээдэг, барагтаа бухимдаж уурлахгүй. Нэг гомдвол даацтай гомддог. Сонгосон ажил мэргэжил, найз нөхөд, амьдралын орчин нөхцөлөө солих дургүй. Үерхэл нөхөрлөл үнэнч. Зожиг байдлаас нь гарахад тусламж, зоригжуулан идэвхжүүлж, өөрийгөө ойлгон биеэ дайчилж шийдэмгий байхад нь нөлөөлөх хэрэгтэй. Тэдэнд тодорхой саналаа хэлж, өөрийн бодлыг илэрхийлж, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барих хэрэгтэй. Ийм хүмүүс хамт олны дунд олон байх нь уур амьсгал эерэг байх хэдий ч цалгар назгай байдал даамжрах хандлагатай. Нухацтай хийх ажлыг тэдэнд даалгах нь зөв. Харин яаралтай ажлыг даалгахад дараа нь бухимдах асуудал гарах магадлалтай.
Товч мэдээ:
Монгол орны тухай /англи/
ШУЗМТ-ийн тухай
Гараа угаацгаая